Бид байшингаа яаж дулаалах вэ?
Таазаа дээврээ яаж дулаалах вэ? гэж бодохоос цонхоо яаж дулаахан байлгах вэ? гэдэг тал дээр маш бага ойлголттой байдаг. Хамгийн мундаг шийдэл нь 3 давхар шилтэй байх гэж боддог. Шилний талаарх ойлголт ингээд л болоо. Харин цонхны раманд их ач холбогдол өгч, 3 таславчтай 60-н рамнаас 5 таславчтай 70-н рам нь Монголд илүү тохирсон гэдэг ч юмуу. Иймэрхүү ойлголтууд хүмүүст байдаг. Цонхны суулгалт заадлын дулаалга, ус чийг, уур тусгаарлалтын талаар бүр ч ойлголтгүй байдаг. Харамсалтай нь өнөөдөр үйлдвэрлэгсэд барилгад суугдаж байгаа бүх цонхнууд нь дулааны алдагдалтай.
Дулааны алдагдал нь:
- Шиллэгээгээрээ
- Заадлаараа явагдаж байна
Шиллэгээгээрээ алдаж байгаа дулаан алдагдлыг шийдэх ямар гарц байгаа юм бэ?
гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл юуны өмнө тухайн барилга нь хаана байгаагаас шалтгаалан уг барилгын хана, тааз, цонхонд тавигдах дулаан техникийн үзүүлэлтийг БНбД 23-02-09 “ Барилгын дулаан хамгаалалт ” барилгын норм дүрэмд тодорхой заагаад өгчихсөн байдаг.
Тухайлбал Улаанбаатар хотод баригдаж буй орон сууцны барилгын цонх нь 0,65 м2˚С\вт үзүүлэлт болон дулаан дамжуулалтын хөрвүүлсэн харьцуулалттай байх ёстой юм. Гэтэл ердийн 2 болон 3 давхар шилтэй цонх нь энэ үзүүлэлтийн ердөө 45-70%-г л хангаж байгаа нь асуудал болоод байгаа билээ.
MNS 4753-2011 “Наамал шилэн багц” стандартад заасны дагуу шилэн багцандаа эрчим хүчний хэмнэлттэй Low-E түрхлэгтэй шил, аргон буюу криптон хий хэрэглэж дээрх үзүүлэлтийг хангах ёстойг мэдэх нь зүйтэй.